30
11 сар
ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ”
“Жендэрт Суурилсан Хүчирхийлэлтэй Тэмцэх 16 Хоногийн Аян” эхэллээ. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр”-өөс 12-р сарын 10-ны Олон улсын хүний эрхийн өдрийн хооронд тохиодог билээ.
Энэхүү аяныг дэлхий нийтээр 1991 оноос хойш жендэрт суурилсан хүчирхийлэл ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хорт зан үйлийг таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, татан оролцуулах зорилготойгоор зохион байгуулж ирсэн.
Энэ жил тус аяны 30 жилийн ой тохиож байгаа онцгой жил юм. Монгол Улс энэхүү аяныг анх 1998 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес үеэр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондох эрх мэдэл, хүчний ялгаа, энэ талаархи олон жилийн туршид хэвшиж тогтсон хэвшмэл ойлголт нь “дэлхий дээрх хамгийн урт хугацаанд амь бөхтэй оршиж байгаа шудрага бус явдал” хэмээн онцолсон.
НҮБ-ын Хүн амын сангийн Ерөнхий захирал Наталиа Канем хэлэхдээ “Бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл бидний амьдарч байгаа энэ цаг үед үгүй болох ёстой. Эмэгтэйчүүд ахиад 50, 100 жил хүлээж чадахгүй. Охид, эмэгтэйчүүд хангалттай удаан хүлээлээ” гэсэн юм.
Дэлхийн Эмэгтэйчүүдийн манлайлал төв - НҮБ-ын Хүн амын сантай хамтран 30 жилийн ойн хүрээнд эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн болж төрсөнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, тэр ч бүү хэл амь насыг хөнөөхийн эсрэг (femicide) сэдвийн хүрээнд зохион байгуулахаар уриалан зарласан.
Монгол Улс энэ жилийн аяныг “GBV matters to everyone” буюу “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” сэдвийн дор зохион байгуулж байна.
КОВИД-19 цар тахлын нөхцөлд ЖСХ/ГБХ-ийн тохиолдол эрс өсч, мөн шинж чанарын хувьд илүү харгис шинжтэй болж байгаа энэ үед хүчирхийллийн асуудал нь тодорхой хэсэг бүлэг хүн, байгууллага, салбарын хамаарах асуудал биш харин хүн бүрт хамаатай асуудал учраас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн идэвхитэй оролцоо чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, дэмжихэд чиглэгдэх юм.
Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага тэмцээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Харин бид нийгэмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж хүчирхийллийг бууруулж чадна.
Та бүхэнд аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна.